Ням-Осор Учрал
Н.Учрал: Нийгэмд оюун санааны өөрчлөлт авчрах “Оюуны элч”-үүдийг шалгаруулна
“Yes! Mongolia” Монголын залуу багш нарын холбоо 21 аймаг, нийслэлийн боловсрол соёлын газруудтай хамтран “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулахаар болжээ. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Н.Учралтай ярилцлаа.
- Таны тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбоо хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм бэ. Нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бололтой?
- Монголын залуу багш нарын холбоо маань анх 2010 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү холбоог анх нийслэлийн Баянзүрх дүүргийн залуу багш нар нэгдэж байгуулж байлаа. Харин өнөөдөр тус холбоо маань нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний томоохон байгууллага болон өргөжин хөгжөөд байна. Миний хувьд 2015 онд уг холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж эхэлсэн. Холбоог тэргүүлэх болсон цагаас эхлэн холбооныхоо үйл ажиллагааг илүү тодорхой болгох, олон улсын төвшинд аваачихыг зорин ажилласан. Манай“Монголын залуу багш нарын холбоо” маань “Yes! Mongolia” гэсэн нэрийн товчлолтой. Энэ нэр ямар учиртай вэ гэхээр олон улсын NAFSA гээд Юнескод зөвлөх эрхтэй багш нарын байгууллага байдаг. Бид энэ холбооны Монгол дахь албан ёсны салбар гишүүн байгууллагын үүргийг гүйцэтгэдэг. Энэ утгаараа “Yes! Mongolia” гэдэг нэрийг өгсөн.
-Холбоонд зөвхөн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн багш нараас гадна цэцэрлэгийн багш нар хамрагддаг юм уу?
- Дэлхийн бүх оронд оюун санааны гол төлөөлөгч нар гэж хэлж болох багш нар нийгмийн дуу хоолойгоо болон ажилладаг. Үүний дагуу бид Монгол Улсын 40-өөс доош насны багш нарыг энэ байгууллагадаа нэгтгэсэн юм. Тодруулбал, 40-өөс доош насны их, дээд сургуулиудын болон ерөнхий боловсролын сургуулийн, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн, сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн, Улаанбаатар болон 21 аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа сургалтын төвийн, залуусын эрүүл бие бялдартай болгохыг зорин ажиллаж байгаа фитнесс клубуудын багш нар гээд маш олон салбарын багш нар манай холбоонд хамрагдаад явдаг.
- Өнгөрсөн хугацаанд энэ холбоо хэр үр бүтээлтэй ажиллав аа?
- Бид багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэх олон асуудалд анхаарч ажиллаж ирсэн. Тухайлбал, нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн 1,000 багшийн уулзалт, багш нараа сонсъё гэдэг аяныг улс орон даяар зохион байгуулж байлаа. Энэ бүх ажлын үр дүнгээ нэгтгээд, ер нь багш нарын дунд ямар, ямар асуудал тулгараад байгааг шигшин гаргаж тавьсан. Өөрөөр хэлбэл, залуу багш нарт тулгамдаад байгаа 19 асуудлыг жагсаагаад, тухайн үеийн МАН-ын болон АН-ын бүлэг, Шударга ёс эвслийн бүлэгт албан бичгээр хүргүүлсэн байсан. Багш нарт тулгамдаад байгаа эдгээр асуудлыг парламентад суудалтай болоод суудалгүй намуудын мөрийн хөтөлбөрт тусгасан байх ёстой гэдэг саналыг хүргүүлсэн юм. Энэхүү ажлын маань үр дүн ч гарсан. Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт залуу багш нарыг дэмжих, цалин хөлс болон урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, үр дүнгээрээ буюу сурагчид болоод эцэг, эхчүүдийн сэтгэл ханамжид тулгуурлан цалин хөлсний системийг нь шинэчлэх, багш нарын хөгжих бололцоог нь олгох, давтан сургах зэрэг олон асуудлыг суулгаж чадсан. Багш нарын болон боловсролын чиглэлийн олон санал, санаачилгуудыг маань МАН-ын бүлэг хүлээн аваад, энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багш нарыг дэмжих асуудал бодитойгоор ороод, явж байгаад миний бие их баяртай байгаа. Ер нь цаашдаа залуу багш нарын холбоо үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгож, багш нарын дунд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ. Түүнчлэн нийтлэг эрх ашгийг нь хамгаалахын төлөө олон олон ажлыг төлөвлөөд байна.
-Монгол Улсад залуу багш нарын холбоонд хамаардаг буюу 40-өөс доош насны хэчнээн багш байдаг юм бэ?
-Одоогийн байдлаар манай улсын 40-өөс доош насны нийт 30 гаруй мянган багш байдаг гэсэн тоо баримт байгаа.Гэхдээ одоогоор эдгээр багш нараа албан ёсны гишүүнчилж, бүртгэл хийж амжаагүй л байна. Харин албан ёсоор 2,000 гаруй багш л бүртгэлтэй байгаа. Одоо салбар зөвлөлүүдээ шинэчлэн зохион байгуулж, хуралдуулах гэж байгаа. Тэгэхээр илүү багш нарын дуу хоолойг нэгтгэх болно. Тэгээд ч би төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа учир багш нарын шаардлагуудыг тодорхой төвшинд нь сонсгох, хүргэхийг нэлээд анхаарч ажиллана. Энэ хүрээнд ирэх 2017 онд Монголын залуу багш нарын анхдугаар их хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-Залуу багш нарын холбооноос “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулахаар болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- Бид жил бүр оны шилдэг багш нарыг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувь “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулахаар болоод байна. “Оюуны элч” гэсний учир нь багш нараараа дамжуулан оюун санааны шинэ мэдээ, мэдээллийг түгээдэг, зөв үлгэр дуурайлал, зөв хандлагыг хүүхдүүдэд төрүүлэхийг зорьж байгаа.
-“Оюуны элч”-ээр хэчнээн багшийг шалгаруулах юм бэ. Холбоонд багтдаг салбар бүрээс тодруулах уу. Эсвэл?
- Салбар бүрээс тодруулахаар төлөвлөөд байгаа. Тодруулбал, их, дээд сургуулиудын дундаас, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгүүдээс, сургалтын төвүүдээс улсын хэмжээнд тус бүр нэг багш тодруулах юм. Тиймээс нийтдээ таван “Оюуны элч”-ийг тодруулах юм. Энэхүү “Оюуны элч” шалгаруулах арга хэмжээ маань үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Тиймээс маш олон анкет, материал ирж байна. Энэ хүрээнд бид сонгон шалгаруулалтыг нэлээд өндөр төвшинд тавьж байгаа. Түүнчлэн бид оны шилдэг зарим багш нартаа холбооныхоо “Оюуны од” цол тэмдгийг олгоно.
-Салбар бүрээс элчүүдийг тодруулах юм байна. Тиймээс үүнийгээ дагаад шалгуур нь өөр, өөр байна биз дээ?
-Мэдээж салбар бүрийн багш нарын шалгуур өөр байгаа. Нэр дэвшүүлэх багш нь сурган хүмүүжүүлэх салбарт гурваас дээш жил ажилласан, ажил мэргэжлийн ур чадвар, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан ажилласан, хариуцсан ажлын үзүүлэлт сүүлийн 3-5 жилд улс, хот, аймгийн дундаж төвшнөөс дээшилсэн байна. Түүнчлэн сүүлийн гурван жилийн үйл ажиллагааны ажлын үр дүнгийн үнэлгээгээр “А” буюу хангалттай үнэлгээ авсан, дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байх, Монголын залуу багш нарын холбооноос зохион байгуулсан олон нийтийн ажлуудад амжилт гаргасан байх гэх мэт шалгуур байгаа. Түүнчлэн нийгэм олон нийтийн идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх, ажиллаж байх хугацаандаа ёс зүй, хэв журмын зөрчил гаргаагүй байх гээд шалгаруулах үндсэн үзүүлэлтүүдийн жагсаалтыг гаргачихсан байгаа.
-Мэдээж монголын залуу багш нарын холбооны “Оюуны од” цол тэмдэг, “Оюуны элч” цомын эзэн болсон шилдгүүдэд нэлээд хариуцлага хамтдаа ирэх байх?
- Тэгэлгүй яахав. Бид “Оюуны элч” болох таван багшийг жил бүр шалгаруулж байхаар тохироод байгаа. Эдгээр таван элч 2017 онд бид бүхнийг төлөөлөх юм. Өөрөөр хэлбэл, эдгээр оюуны элчээрээ дамжуулан их, дээд сургуулиудынхаа оюутнууд болон багш нар цаашлаад нийгэмд оюун санааны өөрчлөлтийг хийхийг зорьж байна. Энэ мэт олон төлөвлөж байгаа ажил байна. Энэхүү арга хэмжээг нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулж байгаа. Түүнчлэн аймаг орон нутгийн болон дүүргүүдийн боловсролын хэлтсүүд хамтран, дэмжиж ажиллаж байна. Мөн БСШУСЯ биднийг дэмжиж байгаа.
-Холбооныхоо салбар зөвлөлүүдээ шинэчлэн зохион байгуулж, хуралдуулан гэж байгаа гэлээ. Үүнээсээ өмнө багш нараа сонсох аяныг дахиад зохион байгуулах уу?
- Ер нь жил бүр “Багш нараа сонсъё” гэдэг аяныг өрнүүлдэг. Гэхдээ салбар зөвлөлүүдээ шинэчлэн зохион байгуулж, хуралдуулахын өмнө дахин энэ аянаа явуулах нь зөв байх гэж бодож байгаа. Салбар зөвлөлүүдийг шинэчлэх, чуулгануудыг зохион байгуулж байгаа нь шинэ залуу багш нараар төлөөллөө нэмэгдүүлэх буюу цус сэлбэх зорилготой юм. Ялангуяа 22-24 настай, дөнгөж сургуулиа төгсөөд, багшлах эрхээ аваад шинээр багш болж байгаа хүмүүсийг зөвлөлдөө оруулж, залгамж халаагаа бэлтгэхийг зорилго болгож байгаа. 40-өөс доош нас гэдэг бол хүний хамгийн идэвхтэй нас. Тэгээд ч багш нарын ихэнх нь 40-өөс доош насныхан болчихсон байгаа. Ер нь багш хүний нийгэм дэх нэр хүнд, үнэ цэнэ бага байдаг болсон. Учир нь тэдний нэр хүнд цалин хөлс, санхүүгийн асуудлаасаа болоод, уначихсан. Тэгээд ч багш нар таван жил тогтвортой ажиллаад овоо мэдлэгтэй чадвартай болоод ирдэг. Гэтэл таван жил ажилласан ч өнөөх цалин нь хэвээрээ л байдаг. Тиймээс ч олж авсан мэдлэг чадвартаа тулгуурлаад цалин өндөртэй гэж үзээд, хувийн компанийн менежер хийгээд явчихдаг жишээ олон байна. Энэ асуудлаас болоод чанартай багшийн асуудал хөндөгдөх болоод байгаа. Ялангуяа хөдөө орон нутгуудаас ийм гомдол санал их ирдэг. Тиймээс хүссэн ч хүсээгүй бид багш нараа дэмжих ёстой. Өнгөрсөн хугацаанд манай холбоо 600 гаруй сургагч багшийг бэлтгэсэн. Эдгээр багш нар нь олон улсын сургагч багш гэсэн өргөмжлөлийг авсан. Энэ хүрээнд биш цаашдаа боловсролын газруудтай хамтраад, үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгэхэд олон улсын хөтөлбөрүүдийг оруулж ирэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн боловсролын газарт болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг үзэглээд байгаа. Ер нь цаашдаа багш нарын дунд тулгамдаад байгаа давтан сургах, мэргэжлээ дээшлүүлэх, өсч дэвших бололцоонуудыг бий болгож өгөхийг зорин ажиллах болно.
-Багш мэргэжлийн үнэ цэнийг нийгэмд нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой юм бэ?
- Нийгмийн тэргүүлэх салбар болсон багш нарынхаа санхүүгийн болон нийгмийн баталгааны асуудлыг сайжруулах хэрэгтэй байна. Ялангуяа хүүхдүүдийн багш мэргэжлээр суралцах эрмэлзлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Тиймээс багш мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиудад үнэхээр чадвартай хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг систем рүү шилжих шаардлагатай байна. Тэгэхгүй бол сүүлийн үед хүүхдүүд нийгэмд нэр хүнд нь уначихсан учир багш мэргэжлийг сонгохоо болиод байна. Тиймээс ч дунд сургуулиуд эхнээсээ багшгүй болоод эхэлж байна. Ер нь багш гэдэг мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх асуудал төр Засгийн бодлогын төвд байх асуудал юм.
-Багшийн цалинг нэмэх болон тэдний нийгмийн асуудлыг шийддэг байх талаар та хөндөж байсан байх аа?
- Багш нар сардаа 480 мянган төгрөг гар дээрээ аваад, амьдарлаа залгуулаад явна гэдэг хүнд шүү дээ. Төсвийн асуудал хэлэлцэж байхад ч би хэлж л байсан. Бид өнөөдөр багш нарын цалинг нэмж чаддаггүй юм бол нийгмийн асуудлыг нь шийдэж өгөх хэрэгтэй. Тухайлбал, багш нараа нийтийн тээврээр үнэ төлбөргүй явуулдаг болгох, багшийн хүүхдийг цэцэрлэгт хамгийн түрүүнд бүртгээд авчихдаг байх, багш нараасаа сонгон шалгаруулаад, магистр, докторын сургалтад нь тэтгэлгээр явуулдаг болж яагаад болохгүй гэж. Төрийн албан хаагчийн хүүхэд их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах зэргээр тэдний нийгмийн асуудлыг нь шийдэх шаардлага байна. Орон сууцжуулах хөтөлбөрт багш нарыг хамгийн түрүүнд хамруулж болох юм. Мөн багш нарт академик эрх чөлөөг олгох хэрэгтэй байна. Багш нар маш их цаас үйлдвэрлэж байгаагаасаа болоод, цагийн ачаалал асар их болдог. Уг нь академик эрх чөлөөг олгож чадвал их, дээд сургуулиудын багш нар үндсэн цагийн хичээлээ орчихоод бусад сул цагт нь хувийн болон бусад сургуулиудад цагаар багшлах, хуулийн чиглэлийн багш бол өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байж болно.Дунд сургуулийн багш нарт ч гэрээр давтан сургах, хоцрогдол арилгах зэргээр олон боломж байгаа. Тиймээс энэ мэт эрх чөлөөг олгох л хэрэгтэй байгаа юм. Тиймээс өнөөдөр шууд багш нарын цалинг нэмчихэж чадахгүй юм гэхэд энэ мэт гарцууд олон байгаа. Гэхдээ цаашдаа багш нарын цалинг нэмэх зайлшгүй шаардлагатай.
-Уг нь багш нар чинь зэрэг ахих хэрээр цалин нь нэмэгдэг биз дээ?
- Багш нар зэрэг нь нэмэгдэхгүй л бол цалин нь нэмэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, зэргээс өөр цалингийн шатлал байхгүй. Гэтэл 480 мянган төгрөгийн цалинтай багш, амьдарлаа авч явахын зэрэгцээ давхар төлбөр төлөөд зэргээ дээшлүүлнэ гэдэг үнэхээр бэрх асуудал. Тиймээс өөр цалингийн шатлал буюу амжилтаар нь цалинг нь нэмдэг байх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал тухайн багш чадварлаг л бол зэрэг ахиагүй байсан ч 22 настайдаа багш болсон хүн 24 настайдаа амжилт гаргаад үнэлэгдэж болно. Өндөр цалин авдаг болно гэсэн үг. Гэтэл одоо амьдрал дээр олон олон амжилт гаргасан багш нарын цалинг нэмэх гэхээр зэрэг нь ахиагүй байх жишээтэй. Тэгэхээр үнэхээр тухайн багшийн хүүхдүүд амжилт гаргаад, сурагчид болоод эцэг, эхийн сэтгэл ханамж өндөр байгаад, багшийн идэвх санаачилга сайн байвал тэр системээр багшийн цалинг нэмдэг байвал гүйцэтгэлээрээ цалин авдаг болох учир ажиллах эрч хүч, эрмэлзэл ч өндөр байна. Тэр хэрээр багш чанартай багш олон болно. Энэ мэт багш хөгжих хөшүүргүүдийг хийж өгөх л хэрэгтэй байгаа юм.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин